Гадаад орнуудын маркетингийн хуулийн онцлог зохицуулалтууд

12 2013.01
5 жил, 8 сар өмнө

Ихэнх улс оронд маркетингийн үйл ажиллагаа болох бараа, үйлчилгээ, санааг бий болгох явцыг төлөвлөн хэрэгжүүлэх, үнэлэх, идэвхижүүлэх хуваарилах сувгуудыг зохицуулсан хууль тогтоомж байдаг. Зарим улс оронд хуулийн үйлчлэл тааруу байдаг бол Европын орнуудад маш хатуу, чанга зохицуулалттай байдаг. Хаа сайгүй л бөөн бөөн хямдрал. Энэ үнэхээр хямдрал мөн үү! Зарим нэг нь жилийн дөрвөн улирлын турш хямдралтай байх юм. Үүнийг зохицуулсан хууль Монгол улсад бий юу. Саяхан Шударга өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийгээд бараа бүтээгдэхүүн үнэн хэрэгтээ хямдардаггүй хэмээн дүгнэлт гаргасан. Уншигч та бүхэн энэхүү нийтлэлээс гадаад улс орнуудын маркетингийн хуулийн талаар бага боловч мэдээлэлтэй болно хэмээн найдаж байна.

Австрид улсад бэлэн мөнгөний хөнгөлөлт үзүүлэх, купон болон үнэгүй бэлэг тараах зэрэг нь хориотой байдаг бол Финлянд улсад зөвшөөрөгддөг боловч брэнд бүтээгдэхүүний хувьд багцын урамшуулал үзүүлэх нь хориотой ажээ. Жишээ нь: хоёрыг авбал нэг үнэгүй гэх мэт . Гэхдээ борлогдохгүй бараагаа шахах зорилгоор үнэгүй хэмээн дагалдуулахыг хориглодог байна. Франц улс дээрх аргыг практик дээр хэрэглэдэг ба тухайн бараа бүтээгдэхүүнийг өөрийнх нь өртгөөс доогуур үнээр зарахыг хууль бус гэж үздэг. Иймээс хэрэглэгчдэд зарах зорилгоор бэлэг өгөх нь хориотой юм. 

Франц улсад хуулийн дагуу жилд хоёрхон удаа буюу 1,8-р саруудад 4-6 долоо хоногийн хугацаатай хямдрал зарлахыг зөвшөөрдөг байна. Энэ үйл явдлыг телевиз, радиогоор сурталчилахыг зөвшөөрдөг бөгөөд маш олон хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлэн цагдаагийн хяналтыг заавал тавих үүрэгтэй. Судалгаагаар Францчуудын 40% нь тухайн жилийн хямдралд зориулан мөнгөө хадгалж хуримтлуулдаг бол 56% нь энэхүү хямдралд харьцангуй бага мөнгө зарцуулдаг байна. Мөн үйлдвэрлэгч нь өөрийн үндсэн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.

Герман улсад 2000 он хүртэл 1930 оны хууль үйлчилж байсан бөгөөд энэ хуулийн дагуу бүх төрлийн хөнгөлөлт, бонус, бараа бүтээгдэхүүний баталгаа өгөх үйлчилгээг хориглодог байсан байна. Шударга бус өрсөлдөөний тухай Герман улсад хуулийн дагуу бизнесмэнүүдийг хэрэглэгчээ татах зорилгоор урамшуулал үзүүлэхийг хориглодог. Жишээ нь: Германы нэгэн эмийн сан ойн баяраа тохиолдуулан төрсөн өдрийн торт барьсан пингвиний зурагтай, 75 центийн тор үйлчлүүлэгчиддээ бэлэглэжээ. Энэ үйлдлийг “Free Gift Act”–ыг зөрчсөн хэмээн шүүх тогтоосон байна. Тэрчлэн Германы хуулийн дагуу хандивыг хүртэл хориглодог байна.

Герман улсын нэгэн хүнсний дэлгүүр нь виза картаар төлбөр хийх тохиолдолд бага хэмжээний мөнгийг ДОХ-ын эсрэг хандивын дансанд оруулна хэмээн сурталчилсныг шүүх хууль бус хэмээн үзжээ. Ихэнхи урамшуулал болон бараатай дагалдан ирж буй бэлэг сэлт нь хууль бус байдаг. Үүнтэй адил аж ахуй эрхлэгч нь бараа бүтээгдэхүүндээ 3 хувиас хэтрэхгүй хямдралыг олгохыг зөвшөөрдөг байна. Мөн герман улсад ижил бараа, бүтээгдэхүүнийг сурталчилахын тулд шүүхээс юуны түрүүн бараа бүтээгдэхүүний чанарын баталгааг гаргуулж зөвшөөрөл авах шаардлагатай ажээ. Канад улсад энэ хууль нь маш нарийн зохицуулалттай. Канадад бүх болж буй ажлуудыг нийтэд түгээхээс өмнө шалгах процесс явагддаг.

Пуэрто Рико улс Виржинийн хуулийн дагуу зар сурталчилгааг испани, англи хэл дээр явуулахыг шаарддаг байна. Түүнчлэн маркетингийн идэвхижүүлэлтийн үйл ажиллагаагаа долоо хоногт наад зах нь нэг удаа зарлан бичихийг шаарддаг төдийгүй хэрвээ энэ үйл ажиллагааны үр дүнд маш том бэлэг хожих бол үүнийгээ нотариатаар батлуулахыг шаарддаг юм. Мөн Индонез улсад Жакарта хотын захиргаа Индонез улсаас өөр хэлээр сурталчилгаа явуулахыг хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн хүмүүсийг 3 сар хүртэл хорих ял оногдуулдаг байна. Гэтэл Индонез улсын арал дээр амьдарч буй 180 сая хүмүүсийн хувьд Индонез хэл хоёрдогч хэл байдаг нь маркетингийн хүндрэлийг үүсгэдэг байна. Франц улсад зар сурталчилгаанд хэрэглэгдэх үг бүр нь хэдийгээр Францын хүн ам англи хэлийг нийтлэг хэрэглэдэг ч гэлээ франц хэлээр байх ёстой гэнэ. Хятад улсад гадны компаниуд бизнес хийхэд зориулагдсан гадаадын хөрөнгө оруулалтын хууль бий.

1987 оны 12 сарын 21-нд Хятад улсад хэрэглэгчдийг хамгаалах , зар сурталчилгааны стандартыг дээшлүүлэх зорилгоор хатуу шинэ журам гаргажээ. Улсын консул буюу Хятад улсын захиргааны хамгийн том байгууллага үзэхдээ зар сурталчилгаа бол “үнэн зөв, сайн нөлөөтэй, тодорхой, ойлгомжтой” байх ёстой гэж Хятад улсын албан ёсны мэдээллийн агентлаг болох Синхуа мэдээллээ. Шинэ журам нь энэ сараас хүчин төгөлдөр болох бөгөөд зар сурталчилгааны нийт чанарыг сайжруулах, бүтээгдэхүүнийг буруу танилцуулдаг орон нутгийн зар сурталчилгаа явуулдаг хүмүүсийг хууль мөрдүүлдэг болгох гэнэ. Шинэ журмаар ёс журамгүй, мухар сүсгийн утга учиргүй зар сурталчилгааг хууль бус гэж үзнэ. Олон тооны Хятадын бүтээгдэхүүнүүд тэр дундаа эмнэлгийн бүтээгдэхүүн агуулгаа багтаасан шошготой байх ба гэдэсний өвчин, толгойн өвчин, өмөн үү зэрэг өвчинд хэрэглэх заалттай байна. Журмаар мөн Хятадын сэтгүүлчдийг зар сурталчилгаа явуулахыг хөөцөлдөн гуйхыг мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурталчилгааг мэдээний хэлбэрээр явуулахыг тус тус хориглосон.

Хятадын төрийн дуулал, сүлд тэмдэг, төрийн далбааг зар сурталчилгаанд ашиглахыг, бусад бараа бүтээгдэхүүнийг дорд үзэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Синхуа агентлагийн мэдээлснээр зар сурталчилгаа явуулагч нар нь татвар төлөхийн зэрэгцээ тэдгээрт санхүү, худалдаа, аудитын эрх бүхий байгууллагууд шалгалт хийх эрхтэй. Журам зөрчсөн нөхцөлд торгууль, шийтгэл ногдуулах ба ноцтой хэрэгт лицензийг хураан авч, бизнесийг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах ажээ.

Европын Холбооны улсууд нь худалдааны нэгдсэн хуультай болох найдлага байна. Эхний ээлжинд Австри, Герман, Бельги гурван орныг нэгдсэн хуультай болгох бодлого явагдаж буй боловч зарим нэг эсэргүүцэлтэй тулгарч байна. хэдийгээр Европын Холбооны 15 улсын хувьд сайхан зураг дүрслэгдэж буй боловч өөр өөр хэл, соёл, эрх зүйн системийн ялгаа оршсоор л байгаа. Нэгэн тохиолдолд Францын косметикийн компани интернэтээр Германы компанид гоо сайхны бараа, бүтээгдэхүүн худалдахдаа тухайн бүтээгдэхүүний бодит үнээс доогуур үнээр худалдсаныг нь Германы шүүх тогтоосон байна. Ер нь Европын Холбооны улсуудын бараа, бүтээгдэхүүний стандарт нь Америкт ч мөн нөлөөлж байгаа төдийгүй Америк Европт гаргах бүтээлдэхүүнээ Европын стандартаар үйлдвэрлэдэг байна. Тухайлбал: Майкрософт компани нь европын хэрэглэгчдэд зориулан гэрээгээ өөрчилсөн, МакДоналдс нь хуванцар тоглоом бэлэглэхийг хориглосон зэрэг.

Америкийн хуулийн дагуу авилгал авах, мөн дайсагнасан оронтой худалдаа наймаа хийх, эсвэл Америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх дамын наймаа хийх, худалдааны үйл ажиллагаанд оролцох, Арабын болон хамтарсан хясан боогдуулах хэлцэлд оролцох, лицензийн эсрэг үйл ажиллагааг хориглоно. Гадаадад амьдран буй америк хүн нь гадаадад бизнес хийхийн тулд тухайн орны болон өөрийн орны хуулийг мэддэг байх ёстой. Америкийн бизнес нь өөр оронд үйл ажиллагаа явуулаад буруудсан нөхцөлд Америкийн шүүх шийтгэх эрхтэй байдаг. Энэ бизнес нь албадлага, шахалтаар явагдсан нөхцөлд өршөөж болдог талтай юм байна.

Хуурамч зар сурталчилгаанд ногдуулах шийтгэл улс бүрд янз бүр байдаг байна. Өмнөд Солонгосын онцлог нэг шийтгэл нь олон нийтээс уучлал гуйх явдал юм. Дээрхи шийтгэлийн тухайд барууныхан гар барих төдийгөөр ойлгож хязгаарладаг бол Сөүли хотын дээд шүүхийн хуурамч зар явуулсан этгээдэд ногдуулдаг олон нийтээс уучлал гуйх ялыг гутамшигт явдал хэмээн үздэг байна. Иймээс Солонгост нийтийн өмнө уучлал гуйх нь ихээхэн хүнд шийтгэлийн нэгд тооцогддог байна.

Сүүлийн үед олон улсын корпорациудын анхаарал хандуулж буй гол асуудал нь ногоон маркетингийн хууль юм. Энэхүү хууулиар хог хаягдлаа дахин боловсруулах, түүний менежмент , сав баглаа боодлын асуудлыг зохицуулдаг. Герман улс нь ногоон маркетингийн хуулийг сайн мөрддөг юм. Ихэнх Европын орнуудад “эко-хор нөлөөгүй” гэсэн шошгыг гардуулдаг болжээ.

Уншигч та бүхэнд шинэ оны мэнд хүргэхийн ялдамд бизнес эрхлэгч хүн таны ажил хэрэг маркетингийн хуулийн дагуу явагдаж санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2013 Tuguldur.me
by